tsekv
2016-11-15
medeelel 2

Ангилал: sonirxoltoi medelel

 

 Бид яах гэж бичдэг вэ буюу Блог хувьсгал>>.

Дунд сургуульд байхад багш маань биднээр алгебр, геометрийн бодлогууд бодуулж, гэрийн даалгаварт бодолтоо дахин хуулж ирэхийг шаарддаг байж билээ. Тэр үед бараг гэртээ харингуут даалгавраа хийж эхэлдэг мөртлөө л унтах цаг болоход хийж амжаагүй үе олон тохиолдож байсан. Тийм болохоор бодолтоо хуулах даалгаврыг нь ангид бичсэнээ үг үсэггүй хуулсан төдийгөөр аргацаадаг байлаа. Сурагч байхдаа багшийн өгсөн даалгаврыг биелүүлдэг хүн болох гэж зай завсаргүй тоо "өрсөн" хуучин дэвтрээ эргүүлэн сөхөхөд, толгой өндиймөөргүй их даалгаврыг нь биелүүлдэг тоотой хэдхэн сурагчийн нэг байсан болохоор өөрийгөө ямар хичээл зүтгэлтэй байсан юм бэ гэж бодовч юунд хүрэх гэж, яах гэж хичээл зүтгэл гаргаж байсан юм бэ, би тэр даалгаврыг нь биелүүлснээр юу олж авсан бэ гэдгээ бодохоор ичмээр ч юм шиг. Одоо бодоод байхад бичих нь гол биш байжээ. Хамгийн гол нь ойлгож бичих, мөн ойлгомжтой бичих. Тодруулбал бусад хүнд төдийгүй өөртөө ойлгомжтой бичих нь чухал байсан аж. Миний хувьд ном уншихдаа зүгээр л уншаад өнгөрвөл толгойд үлдэх нь бага байдаг, харин уншингаа тэмдэглэл хийвэл өөрөө ойлгож байж бичих тул үлдэц сайтай байдаг юм. Дараа нь мартсан ч тэмдэглэлээ сөхөхөд л сэргээгээд саначихна. Мэдээж уран зохиолын номын хувьд өөр л дөө. Хичээлийн хувьд ч ялгаагүй. Тийм болохоор бидний бичих хамгийн эхний зорилго нь шинэ мэдлэгийг "өөртөө ойлгуулах" билээ. Хүн гэдэг амьтан дурсамж, бодлоо мартаж чаддаг болохоороо л "галзуурчихалгүй" амьдардаг гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Тийм ээ, бид толгойдоо найдаад, бүх зүйлийг цээжилнэ гээд явбал бүтэхгүй, мартаж санах үе танд бишгүй л тохиолддог биз дээ? Тийм болохоор зурсхийсэн шинэ санаа, мартмааргүй байгаа сэтгэгдлээ бичиж үлдээсэн нь дээр. Өөрөөр хэлбэл бид бичсэнээрээ "санах ой"-гоо орлуулж байгаа хэрэг. Мөн бид албан ажил хийхээр бичиг цаастай зууралдах үе бишгүйдээ тохиолдоно. Хэн нэг хөрөнгө оруулагчид гайгүй санаа бүхий бизнесийн хөрөнгө оруулалт хүссэн бичиг илгээе гэж бодвол сайн бичиж сураагүй, эмх цэгц муутай, ойлгомжгүй зүйл бичээд явуулбал сайхан боломжоо алдаад зогсохгүй ичгэвтэр билээ. Тийм болохоор бид нийгэмд хөл тавихаасаа өмнө бичиж сурах хэрэгтэй. Залуус маань кириллээрээ зөв бичиж чаддаггүй, сонины сэтгүүлчид нь хүртэл "түмэн алдаа үйлдвэрлэдэг", тэгээд түүнийгээ бид уйгаржин монгол бичиг эхэлж заалгаснаараа золиос болсон гэсэн шалтгаар хаацайлдаг. Гэтэл бид босоо бичгээрээ бас сайн бичиж чадах уу? Энэ бол ердөө л шалтаг юм. Бид бичиж, түүнийгээ бусдаар засуулж байж л алдаагүй зөв, ойлгомжтой, эмх цэгцтэй бичиж чаддаг болно. Нас ахих тусам биднийг засаж залруулах хүн ховордоно. Иймд аль болох их бичиж, бичгийн соёлыг эзэмшихийг бүгдэд уриалж байна. Эцэст нь, дэлхийн хүн амын дөнгөж 30 хувь нь л бичиг үсэг мэддэг гэдэг. Гэхдээ монголчуудын маань 90 хувь нь бичиг үсэгт тайлагдсан болохоор бид социалист нийгмийн ачаар бас ч гэж соёлжсон ард түмэн гэж хэлж болохуйц үзүүлэлтэд хүрсэн. Тийм болохоор өөрийн үзэл бодлоо бичвэл Монголын 2 сая хүний ихэнхтэй нь бодол санаагаа хуваалцаж чадна. Энд тэнд яриад явлаа гэхэд Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж буй аятай, тэнд очоод чанга яригчаар ориллоо ч бодол санаагаа хуваалцах ийм өргөн уудам орон зайг бүрдүүлж чадахгүй билээ. Миний блог бичиж буй шалтгаан энэ бөлгөө. Мэдээж хүн 100 хувь зөв зүйл ярьж бичнэ гэж бараг боломжгүй. Намайг зарим нэг нь "Овоо дажгүй юм бичсэн байна гээд уншиж байтал нэг тэнэг өгүүлбэр тааралдав, нээх том хүн шиг мөртлөө заримдаа мангар хүн шиг үг хэлэх юм" гэж хэлж байсан удаатай. Би өөрийнхөө бичсэн бүх зүйлийг зөв гэж хэлээгүй, бодол санаагаа та бүхэнтэй хуваалцах гэсэн жирийн л нэг оюутан. Гэхдээ тиймэрхүү мангар ч юм шиг, "эсэргүү" өгүүлбэрийн цаана миний юу бодож явдаг, яагаад тэгж бичих болсон нь харагдах буй заа. Өнөөдөр Японд блогоороо хангалттай орлого олоод амьдарч байгаа хүн тун олон байдаг. Монголчууд маань энэ боломжийг яагаад ашиглаж болохгүй гэж? Блог хувьсгал эхлүүлцгээе.. 
Зоригт

Буратиногийн тухай ном эхний хэсэг.

Би баларсаан. Ингээд л үхдэг юм байж. Ядаж 8 нас хүрчихээд үхсэн бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад үхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн өөрөө уншаад дуусгачихгүй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн түүхийг Бурханд ярьж өгөх байсан даа. Одоо би номныхоо дөнгөж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуувал яана. Буратино Мальвинатай уулзсанаас хойш юу болсныг би ерөөсөө мэдэхгүй шүү дээ, яагаад гэвэл өвөө өдөрт надад таван хуудсыг л уншиж өгдөг юм. Одоо цаана нь зөндөө олон хуудас үлдээд байгаа. Гэтэл би ингээд номоо дуусгаж амжилгүй үхчих нь байна шүү дээ. Хүн үхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хүүхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгүй л байна. Намайг үхэхээс өмнө ирвэл түүнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би түүнийг хүлээж амжихгүй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хүүхдийн эмээ ч ном уншиж мэдэхгүй л дээ, манай өвөө шиг мундаг биш юм чинь. Манай өвөө ч үнэхээр мундаг шүү. Орой болгон нүдний шилээ зүүж байгаад миний номыг уншиж өгдөг юм. Өвөөгийн зав гарахгүй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас үсэг зааж өгдөг юм. Би ёстой хурдан сурч байгаа, өнөөдөр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж үзүүлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ өвөөтэйгөө хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дүү бид дөрөв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугүй үхэх болчихдог, онцгүй юм аа. Айгүй л бол ирэхээс нь өмнө үхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх даа.

Буратиногийн тухай ном 2-р хэсэг.

Хажуу айлын хүүхдийн эмээг үхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дүүрэн ууртай царайтай хүмүүс сууцгаагаад, бөөн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгүй, ганцаараа яваад өгсөн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгүй, ганцаараа дэлгүүр яваад өгөхөд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгүй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, ичдэггүй юм байх даа? Би лав байсан бол ичээд уйлахгүй ээ. Миний Буратиногийн тухай номыг саяхан манай ээж аав хоёр явуулсан юм. Тэр хоёр дандаа надаа гоё юм явуулдаг л даа. Түрүүн ирэхдээ бас айгүй гоё шар үстэй хүүхэлдэй авчирсан, гэхдээ хажуу айлын хүүхдэд байдаг шиг гоё буу авчирч өгсөн бол бүр гоё байхгүй юу. Би өчигдөр хүүхэлдэйнийхээ үсийг Мальвинагийнх шиг цэнхэр өнгөтэй болгох гэж байгаад нүүрийг нь муухай болгочихсон. Эмээг загнана байх гэж бодоод хүүхэлдэйгээ орныхоо доор нуучихсан байгаа. Одоо би үхчих юм чинь эмээд загнуулахгүй, гоё доо.

Буратиногийн тухай ном 3-р хэсэг.

Намайг үхчихээр миний шар үстэй хүүхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэр болж тоглодог юм. Хажуу айлын хүүхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас өөр юм мэдэхгүй л дээ. Айгүй л бол хүүхэлдэйг минь айлгачихна. Түүнийг айлгахаар нүд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хүүхэлдэй айгүй гоё урт сормуустай том нүдтэй шүү. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу? Одоо би унтаад өгвөл маргааш өглөө диваажинд сэрж ч магадгүй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би өглөө болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий өдөр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургүй. Унтсаны оронд тоглосон нь хамаагүй гоё байхгүй юу, даанч багш нар ойлгохгүй л дээ. Өдөржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгайтай чихэр өгдөг бол бүр гоё. Тэгвэл би нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь эмээдээ авчирч өгөхгүй юу. Одоо ч гэсэн би багшийн өгсөн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд үлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ. Бодоод байсан чинь үхэх муухай юм байна. Намайг үхчихвэл эмээ өвөө, ээж аав, дүү эд нар яах болж байна аа? Бас миний хөөрхөн хүүхэлдэй ганцаараа хоцорно. Ер нь л би үхэж болохгүй юм байна. Яах гэж өнөөдөр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь үхдэг гэж мэдсээр байж… Шөнө ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би үхчихнэ шүү дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг түүж идэх гэж зөндөө хичээсэн юм, даанч мэдэлгүй хоёр яс залгиад хаясан. Одоо яана аа? Буцаагаад гаргачихаж болохгүй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад үхсэн бол… яана аа, нүдээ тас аниад л унтаад өгөхөөс… маргааш битгий болоосой!

Comments


Бичлэг: 8 » Нийт: 8
Өмнөх | Дараагийн


1r

Сүүлийн бичлэгүүд

. monsiin barimtad kino
. medeelel4
. medeelel 3
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. monos surgulin 1 kvrsiin medeelel
. aimshigtai 10 amitan
. medeelel 2

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. baljinnym@.blogmn.net

Зохиогчийн эрх

© tsekv




:-)
 
xaax